100-р анги
100-р анги (япон. 第百部隊 дай-хякү бүтай) — Японы Эзэн хааны армийн тусгай (Квантуны армийн бүрэлдэхүүн ) анги байв. Тус ангийн нууцалсан нэршил нь анх Дайнд ашиглах морьдыг өвчнөөс урьдчилан сэргийлэх анги гэдэг байжээ. Тус анги нь биологийн зэвсгийн судалгаа хийж, Японы цэргийн цагдаа болох Кэмпэйтайд шууд тайлагнадаг байв. 100-р ангийн гол бааз нь Синьжин хотоос өмнө зүгт 10 километрийн зайд Мэнжиатун хотод, өөр нэг бааз нь Чанчуны өмнөд хэсэгт орших Мокотан хотод байрладаг байжээ.
Үйл ажиллагаа
засварлахКвантуны армийн 100-р анги нь 731-р ангиас бага боловч ойролцоогоор 800 ажилтантай анги байсан. Тэдний зорилго нь жилд 1000 кг хүртэл боомын болон 500 кг булчирхайн нян, 100 кг пуччиниа нян үйлдвэрлэх байсан боловч тоног төхөөрөмж дутмаг байснаас лаборатори бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүй юм.
Энэ ангийн гишүүд амьтдад байдаг эмгэг төрүүлэгчдийг судалжээ. Тэд морин цэргийг тухайн үед армиуд өргөнөөр ашиглаж байсан тул морьдыг өвчлүүлэхэд анхаарлаа хандуулж, Японы эзэн хааны арми Хятад, Монгол, Зөвлөлтийн морин цэргийг устгах, мөн хөдөө орон нутагт дайны амьтад, малын дунд өвчин тараах арга замыг олохоор төлөвлөж байжээ. Зарим гэрчийн хэлснээр тус анги нь 731 дүгээр ангитай адил хэмжээнд биш ч гэсэн хүн дээр туршилт хийж байсан гэдэг юм.
Тус ангийн командлагч Вакамацү Юүжиро өөрийн харьяа ажилтан Хиразакүрад халдвартай үхрийн сүрэг Зөвлөлт, Монголын хил рүү гаргахыг тушааж байжээ. Төлөвлөгөө нь тэдэнд пестицид цацаж, улмаар үхлийн аюултай хороор халдварлуулах явдал байв. Хэрэв япончууд ЗХУ руу довтолбол хордсон үхэр тахал дэгдээж, Зөвлөлтийн бүх ургацыг сүйтгэнэ гэж найдаж байв. Эдгээр төлөвлөгөө хэзээ ч биелээгүй бөгөөд Зөвлөлт-Японы богино хугацааны дайн нь Японы цэргийн хүнлэг бус олон нийтийн туршилтын баримтыг нууж чадаагүй ажээ.