Сүүлд нэмэгдсэн

Онцлох

Шинэ мэдээ

Замын-Үүд дэх Гаалийн газрын “Дардан” гаалийн хяналтын бүсэд өнгөрсөн мягмар /2026.05.19/ гарагт их хэмжээний өндөг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдөр гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн “Буман хаус” ХХК-ний 33 нэр төрлийн бараанд гаалийн хяналт, шалгалт хийх явцад 100 гаруй хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг илэрсэн байна.

Тэгвэл Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг дотоодоос хангах боломжтой. Үлдсэн хувийг тодорхой хязгаартайгаар импортлох зохицуулалт хийгдсэн байдаг. Гадаад улсаас импортоор авах өндөгний хэмжээг сар бүр 9.0 сая ширхэг байхаар тогтоосон.

Үүний 8.0 сая ширхэг нь “Алтанбулаг” боомтоор, 1.0 сая ширхэг нь баруун бүсийн хилийн боомтоор импортлохоор зохицуулалттай аж. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх гэсэн хуулийн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдэлийн үнэлгээ хийлгэн, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатай” гэж заасан байдаг.

Одоогийн байдлаар БНХАУ-с өндөг импортлох эрсдэлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй гэдгийг албаныхан мэдээлэв.


Монгол Улс Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх төсөлд 2003 оноос үе шаттайгаар хамрагдаж, 2003-2026 онд нийт 115,0 гаруй сая ам.долларын санхүүжилт авч, үндэсний хариу арга хэмжээндээ зарцуулан ажиллаж ирсэн байна.

Монгол Улс дундаас дээш орлоготой орны ангилалд шилжсэн тул 2030 оноос эхлэн ДОХ, Сүрьеэтэй тэмцэх үндэсний хариу арга хэмжээнд дотоодын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг жил бүр тусгах, анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хяналт, шинжилгээ үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай болж байна.
Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл нь Эрүүл мэндийн яамтай хамтран, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Глобаль сангийн 8 дугаар ээлжийн төслийн санал боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд оролцогч талуудын саналыг хэлэлцэж, нэгтгэх зорилготой үндэсний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөгжлийн түншүүд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, мөн төслийн салбар хүлээн авагч байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцож, санал солилцов.
Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, Үндэсний зохицуулах зөвлөлийн иргэний нийгмийн салбарыг төлөөлсөн дарга Б.Туяа нар нээж үг хэлэн, Глобаль сангийн дараагийн санхүүжилтийн мөчлөг буюу 2027-2029 онуудад ДОХ, сүрьеэгийн хариу арга хэмжээний чиглэлээр хэрэгжих хөтөлбөрийн үндэсний тэргүүлэх чиглэл, хэрэгцээг тодорхойлоход энэхүү хэлэлцүүлгийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэ, ХДХВ болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр оролцогч талууд идэвхитэй ажиллаж, цаашдын санхүүжилтийн саналд тусгах талаар санал дэвшүүлэв.
Энэхүү хэлэлцүүлэг нь Глобаль сангийн 8 дугаар ээлжийн төслийн санал боловсруулах үйл явцад оролцогч талуудын оролцоог хангах, ил тод, хамтын шийдвэр гаргалтыг дэмжих чухал алхам болсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.


-Таны хувьд НИТХ-ыг тарах хэрэгтэй гэсэн байсан. Шалтгаан нь юу байна вэ?

-Сүүлийн хэдэн сарын хугацаанд манай НИТХ-ын хуралдааны ирц хангалттай байсангүй. Нийтдээ уг нь 45 төлөөлөгчтэй. Улаанбаатар хотын есөн дүүргээс хотын иргэдийн асуудлыг шийдэх гэж сонгогдсон хүмүүс. Харамсалтай нь энэ хүмүүсийн бараг гуравны хоёр нь нийслэлээс ажил, албан тушаал авчихсан. Уг нь бол нийслэлийнхээ иргэдийн дуу хоолой болоод нийслэлийн Засаг дарга, агентлагт хяналт тавих үүрэгтэй. Гэтэл хуульд хориглоогүй учраас орон нутгийн өмчит үйлдвэрийн газар хариуцаад ажиллаж байгаа. Энэ чинь нийслэлийн Засаг даргаасаа хамааралтай болчихож байгаа юм. Ингээд зарчмын зөрүүтэй асуудлууд гарч байна. Уг нь бол Засаг даргадаа хяналт тавих ёстой ч дор нь очоод ажил авчихсан учраас Засаг даргадаа хянагдаад явж байгаа. Тийм болохоор хуралдаа суухгүй байна. Бүгдээрээ биш л дээ, хуралдаа суудаг, ажил аваагүй төлөөлөгч нар байгаа.

Тийм учраас л би асуудлыг хөндөж байгаа юм. Саяхан МАН-ынхан өөрсдөө НИТХ-аа тараачихсан ч яадаг юм гэдэг зүйлийг ярьсан. Манай улс бол парламентын тогтолцоотой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж бий. Түүгээр Иргэдийн хурал асуудлыг бие дааж шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл өнөөдөр Иргэдийн хурал, Засаг дарга Ерөнхий сайдаас шууд чиглэл авч байна.

-Сүүлийн гурван ч хотын дарга шууд томилгоогоор очсон биз дээ?

-Шууд томилгоо, чиглэл гээд явж байна. Тэгвэл Иргэдийн хурал гэж байгаад яах юм. Зүгээр л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм уу, яам болчих л доо. Иргэдийн хурал гэж иргэдээ хуураад явах ямар хэрэг байгаа юм. Нийслэлчүүд 2024 оны орон нутгийн сонгуульд МАН-д итгэл үзүүлсэн. Тэд утаагүй, түгжрэлгүй болгоно. Амьдрал ахуйг нь сайжруулна, хотоо хөгжүүлнэ гэсэн амлалтууд өгсөн. Ингээд үнэмлэхүй олонх болсон. АН-д таван суудал өгсөн. Мэдээж биднийг сонгосон хүмүүс мөрийн хөтөлбөрийг маань л харсан байх. Түүнээс биш сөрөг хүчин хийгээрэй гэж сонгоогүй. Тиймээс бид хотын иргэдийн төлөө ажиллах ёстой юм. Мэдээж бид сөрөг хүчнийхээ ажлыг хийнэ. Болохгүй байгаа асуудал дээр дуу хоолойгоо илэрхийлж, засаж залруулахыг бодно. Харин болж байгаа ажлыг бид дэмжих ёстой. Түүнээс биш чагтлан эсэргүүцэж болохгүй шүү дээ. Гэтэл 2024 онд ялалт байгуулсан МАН богинохон хугацаанд ИТХ-ынхаа даргыг аваад хаячихлаа. Залгуулаад Засаг даргаа огцруулчихлаа. Ингэхээр чинь одоо ард түмэн хэнд итгэх юм. Эднийг чинь ажил хий гэж л ард түмэн сонгосон. Улс төрийн намуудад дотоод дүрэм, журам гэж бий. Ялсан намын дарга нь засгаа хийгээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг. Гэтэл одоо чинь ийм зүйл байхгүй болж байна. Зүгээр л МАН-ын цагаан байрнаас буюу Удирдах зөвлөл гэсэн хэдэн нөхөр тойрч сууж байгаад нийслэлийн 1.5 сая иргэний асуудлыг шийдвэрлэж байна. Тэгвэл ийм Иргэдийн хурал гэж байгаад яадаг юм.

-Хуулиараа нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд огцруулчихаж болох юм уу?

-Энэ хуулийг 2022 онд МАН-ынхан өөрчилчихсөн юм. Хуучин бол ИТХ хуралдаад Засаг даргаа сонгоод Ерөнхий сайд батламжилдаг байсан. Харин одоо бол эсрэгээрээ болсон. Ерөнхий сайд нь эхэлж Засаг даргыг өргөн барьж батламжлаад хамгийн сүүлд хурал руу оруулдаг болгочихсон. Үүнийхээ горыг өөрсдөө амсаж байна. Нэг том факт байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Нийслэлийн 2024 оны орон нутгийн сонгуульд нийт сонгогчдын 42.3 хувь нь л санал өгсөн. Ардчилсан нийгэмд асуудлыг 50 дээр нэмэх нь нэг хувиар шийддэг. Тэгэхээр өнөөдрийн ИТХ чинь иргэдийнхээ 50 хувийн саналыг авалгүйгээр бүрдчихсэн.

-Баасан гарагт сонгууль хийлээ гээд тухайн үед шуугьж байсан?

-Эрх барьж байгаа МАН хуульд өөрчлөлт оруулаад сонгуулийг баасан гарагт хийсэн. Нэмээд санал авах цагийг 20 цаг болгож, ирцгүй болгосон. Өмнө нь ирцэндээ хүрээгүй бол дахин сонгууль явуулдаг байсан. Ийм асуудлууд байна. Өнөөдөр нийслэл дээр засаглалын хямрал үүсчихсэн нь үнэн шүү дээ. Иргэдийн хурал нь хуралдаж чадахгүй байна. Төлөөлөгч нар нь ажил, албан тушаалд томилогдсон. Зөвхөн сандал суудлын зодоон болж байна. МАН-аас болоод бүхэл бүтэн нийслэлийн ажлууд гацаж байгаа. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гээд тавьчихсан. Энэ бол тийм шийдвэртэй алхам биш шүү дээ. Ийм асуудлууд байгаа учраас нөхдүүд өөрсдөө ч хурлаа тараая гэсэн. Би ч гэсэн тараая л гэж байна. Энэ саналаа ч гаргасан. Тараагаад дахин сонгуулиа зарлая. Нийслэлийн иргэд 50 дээр нэмэх нь нэг хувийн ирцтэйгээр дахиад сонгуулиа өгөх хэрэгтэй. Өчигдөр/уржигдар/ Иргэдийн хурлын зөвлөл хуралдаад дараагийн хуралдааны товыг энэ сарын 26 гэж гаргасан байсан. Ээлжит бусаар хуралдаад дараагийн Засаг даргынхаа асуудлыг ярина гэнэ. Хэн ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ сонгогдсон энэ танхимаасаа Засаг даргаа томилж чадахгүй бол юу ярих вэ дээ. Гаднаас хүн томилно гэсэн мэдээлэл явж байна. Төлбөр төлөөд сошиалаар баахан явуулж байна.

-Тэр яригдаж байгаа хүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Эрх барьж байгаа намын л асуудал шүү дээ. Би бол Ардчилсан намын, Баянзүрх дүүргийн иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон төлөөлөгчийн хувьд тэр хуралдаан дээр ямар ч байсан байр сууриа илэрхийлнэ.

-ИТХ руу шинэ Засаг даргын нэр орж ирээд санал хураах уу, үгүй юу. Эсвэл шууд Ерөнхий сайдын томилгоогоор явах юм уу?

-Иргэдийн хурал дээр нэр орж ирэх ёстой. Заавал Иргэдийн хурлаар орж хэлэлцүүлэгдэж, санал хураалгаж, баталгаажих учиртай. Гэхдээ эхлээд цагаан байрандаа, намын дарга нь шийдчихээд байна.

-Санал хураалгана гэхээр Ерөнхий сайдын оруулж ирсэн хүнийг ИТХ дэмжихгүй байх боломжтой юм байна, тийм үү?

-Тийм боломж бол байгаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Kids еxpo 2026” нэгдсэн үзэсгэлэн, арга хэмжээг энэ сарын 29-нөөс ирэх сарын 1 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурлан хүүхэд, залуучуудын соёл, боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мөн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх таатай орчныг бүрдүүлэх зорилготой юм.

“Kids еxpo 2026”-гийн хүрээнд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон боловсрол, танин мэдэхүй, соёл урлагийн хөтөлбөрийг нэг дор төвлөрүүлэн зохион байгуулах аж. Мөн хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалт, танин мэдэхүйн уралдаан, тэмцээн, уламжлалт тоглоом наадгай зэрэг боловсрол, соёлын олон талт үйл ажиллагаа явуулахаас гадна урлагийн тоглолт ч толилуулах юм байна. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсрол, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шилдэг 100 байгууллага нэгдсэн үзэсгэлэн худалдаанд оролцоно. Үүнээс гадна гэр бүлээрээ тухлан амрах зориулалттай “Family chill zone”, спорт болон хөдөлгөөнт тоглоомын талбайг тусгайлан байгуулж, иргэдэд үйлчлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн нэг хүнд ногдох талбай эдүгээ 5.9-8 ам метр байгаа аж. Үүнийг есөн ам метрт хүргэх зорилгоор энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 157 га талбайн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, ургуулж байгааг өчигдөр мэдээллээ. Уг ажлыг нийслэлийн ЗДТГ, ойн мэргэжлийн 28 байгууллага болон дүүргийн ОНӨААТҮГ-уудтай хамтран гүйцэтгэж байна. Төвийн зургаан дүүргийн хэмжээнд гэхэд нийтийн эзэмшлийн 54 байршилд гоёл чимэглэлийн 104 866 мод, 46 байршилд 337 340 цэцэг тарьж, арчлах аж. Мөн 72 байршил дахь 24.1 га талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлэх гэнэ.

Түүнчлэн хаврын мод тарих арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн байршилд 129 873 ширхэг мод тарьж буйгаа албаныхан мэдээлсэн. Мөн Ойн газартай хамтран Цагаан давааны хогийн цэгийг ойжуулах ажлыг 15 га талбайд зохион байгуулж, 312 мянган ширхэг хайлаас суулгахаар төлөвлөжээ.

Дархан-Уул аймагт буудаж устгасан нохойг мод тарих нүхэнд хийн булж буй бичлэг энэ сарын 19-нд цахим орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүссэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Тохижилт үйлчилгээний төвийн ажилтнууд “Аймагт жилд дөрвөн удаа золбин нохой,
муур устгах ажил зохион байгуулдаг. Өмнө нь устгасан амьтдын сэг зэмийг хогийн цэгт нэгдсэн журмаар булдаг байсан. Харин энэ удаагийн устгал мод тарих ажилтай давхацсан тул зарим эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн, устгасан 10 нохойг хөрсний бордоо болгон ашиглахаар модны нүхэнд булсан юм. Мод нь амьтны сэг зэмээр тэжээгдэн ургах чадвартай тул ийнхүү туршиж үзэхээр шийдсэн. Цаашид энэ аргыг
хэрэгжүүлэх эсэх талаар эцэслэн шийдээгүй бөгөөд одоогоор эдгээр 10 модыг тэмдэгжүүлж, ургалтын явцыг нь ажиглаж байна” гэв.

Хэдийгээр орон нутгийн ажилтнууд үүнийг туршилт хэмээж буй ч биологи, экологийн шинжлэх ухааны судалгаа огт өөр үр дүнг харуулдаг байна. Мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар амьтны цогцос задралын эхний үе шатандаа шууд бордоо болж чаддаггүй, харин ч ургамалд хортой нөлөө үзүүлдэг аж. Задралын явцад ялгарах шингэн, азотын өндөр агууламж болон шавжийн авгалдай нь ургамлын үндсийг гэмтээж, ургалтыг сааруулах, улмаар үхэлд хүргэх магадлалтай гэж үздэг байна. Тиймээс амьтны сэг зэмийг шууд бордоо болгон ашиглах нь шинжлэх ухааны үндэслэлгүй, харин ч байгаль орчинд сөрөг үр дагавартайг сануулав.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд оролцов.

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Улаанбаатар марафон”-ыг энэ жил “Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор зохион байгуулж байна.

10, 21, 42 км болон эрүүл мэндийн, гэр бүлийн гэсэн үндсэн 5 төрлөөр зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2026” гүйлтэд нийт 46 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Э.Баатархүү, С.Батзориг, ажилтан комиссар Б.Батхуяг, Ц.Анхбаяр нар 21 км-т, ажилтан комиссар Б.Эрдэнэ-Очир 42 км-т гүйж, бариандаа амжилттай орлоо.

iaac
iaac

Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган хотод эхэллээ

Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймгийн төв Булган суманд өнөөдөр /2026.05.23/ эхэллээ. Орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус уулзалтад Булган, Хөвсгөл, Орхон аймгийн малчид, малын эмч, тариаланчид, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, сум, багийн удирдлага зэрэг 450 орчим хүн оролцож байна.  

  Ерөнхий сайд Н.Учрал тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зорилт, үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж байна. Мөн Засгийн газрын дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч ажиллаж байгааг хэлэв. 

Засгийн газраас хаврын тариалалтад зориулж 7.0 сая литр түлшийг литрийг нь 3400 төгрөгийн үнээр нийлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргэсэн. 

Атаршсан газарт ногоон тэжээл тариалж, өвөл, хаврын хүндрэлээс сэргийлэх, малын чанарыг сайжруулах зорилготой “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төсөл эхэлж, хойд бүсийн аймгуудад хэрэгжиж байна. 

Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд боловcруулах үйлдвэрлэлийг өргөжүүлэн, үнэ цэн, өртөг ашиг нэмсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг өсгөнө.

Биокомбинатын үйл ажиллагааг өргөжүүлж гоц халдварт өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. 

Экспортыг дэмжих хүрээнд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тустогтоолыг хэрэгжүүлснээр экспортын үйл ажиллагаа илүү хялбар, шуурхай болж, аж ахуйн нэгжүүдийн зардал буурч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэн, олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадвар сайжирна гэж үзэж байна. 

Евроазийн таван улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Засгийн газрын санаачилсан “Атар-4” аяны бодлоготой уялдуулан уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхээр ажиллаж байна. 

Цаашид хөдөө аж ахуйн экспортыг дэмжих чиглэлд зөвхөн зээл, дэмжлэгт тулгуурлах бус, салбарын дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж, карбон кредитийн шинэ схемийг нэвтрүүлэн дэлхийн зах зээл дээрх хямд эх үүсвэртэй санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбарт татах нь чухал байна. 

Монгол Улсын Засгийн газар хойд бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарал хандуулж бэлчээрийн тогтвортой менежментийг нэвтрүүлж, эрчимжсэн мал аж ахуйг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үржүүлж, дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байна. 

Мөн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөллүүд салбарын өмнө шийдвэрлэх асуудлын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж/2026.05.23/ тариаланчидтай уулзав. 

Сэлэнгэ аймаг 2026 оны хаврын тариалалтаар үр тариа 134,4 мянган га талбайд үүнээс улаанбуудай 128,9 мянган га-д, бусад үр тариа 5,4 мянган га-д, төмс 2,4 мянган га-д, хүнсний ногоо 7,9 мянган га-д тус тус тариална. Энэ сарын 22-ны байдлаар тариалалт 35 орчим хувьтай байна. 

Засгийн газар хаврын тариалалтад зориулж 7.0 сая литр түлшийг литрийг нь 3400 төгрөгөөр нийлүүлсэн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргэсэн. Сэлэнгэ аймагт тавдугаар сарын 21-ний байдлаар 208 аж ахуйн нэгж, иргэн 45,2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Баруунбүрэн суман дахь “Ивэн түрүү” ХХК нь 2000 гаруй га эргэлтийн талбайтай, 11 ажилтантай. Жилд 900-1000 га-д тариалалт хийж нэгж талбайгаас 20-25 цн ургац хураан авч байна.

Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, сум, аймагтаа  нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураасан аж ахуй нэгжээр шалгарч байсан, Улсын аварга тариаланч хамт олон ажээ. Тариалангийн талбайгаа бүрэн хашаажуулсан. Энэ жил 1300 га-д улаан буудай тариалж байна. Тариалалт нь 70 орчим хувьтай үргэлжилж буйг тус компанийн захирал Д.Бат хэлэв. 

Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн С.Батболд хөнгөлөлттэй зээл суманд нь олдохгүй байгаа асуудлыг хөндөж, зээлийн мэдээллийг ил тод болгож өгөхийг хүслээ. 

Орхон суман дахь “Шийрийн-Ундарга” ХХК 2022 онд үйл ажиллагаагаа эхэлсэн, эргэлтийн 450 га талбайтай. Энэ жил төмс, лууван, сонгино, улаанбуудай тариалжээ. 

 80 га-д бүрэн автомат услалтын систем, 25 га-д дуслын усалгааны систем суурилуулахаар төлөвлөжээ. Бусад талбайд дамартай бороожуулагч ашиглан усалгаатай болгож байна. 

Тус компани “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 1200 тн төмс, хүнсний ногооны автомат зоорь ашиглалтад оруулсан, 2022-2026 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт бүрэн хийсэн гэдгээ Ерөнхий сайдад танилцуулсан. Зоорь барьсан өртгөө богино хугацаанд буюу хоёр жилд нөхсөн гэдгийг “Шийрийн-Ундарга” ХХК-ийн захирал У.Эрдэнэсан хэллээ. 

Ерөнхий сайд Н.Учрал “Үр дүнгээ өгч буй “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ илэрхийлж, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын хугацаанд нэмэгдүүлж аж ахуйн нэгж, тариаланчдаа дэмжиж ажиллахыг анхаарууллаа.

Томилолт

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл, хөгжлийг дэмжих хүрээнд “Нутагтаа эзэн 100:1000” төслийг эхлүүлж байна. Тус төслийн нээлт өнөөдөр /2025.05.24/ Дархан хотод болж, Засгийн газар, УИХ-ын гишүүд, сумын Засаг дарга нар, хоршоодын гишүүд, малчдын төлөөлөл оролцов.

Ерөнхий сайд Н.Учрал төслийг нээж хэлсэн үгэндээ, ХХААХҮЯ-наас санаачлан өрнүүлж буй “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг Засгийн газрын тэргүүний хувьд бүрэн дэмжиж ажиллана. Нутагтаа эзэн төслийн гараа болж энэ жил 1000 баг тус бүрд 100 мянган га-д ногоон тэжээл тариална. Энэ ажилд Засаг дарга нар онцгой анхаарч, манлайлан ажиллахыг үүрэг болгов.

Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төслийг хэрэгжүүлэгч сумдын Засаг дарга нарт батламж гардууллаа. Батламжийн хамт “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас төсөл хэрэгжих сумдад гурван төрлийн тэжээлийн таримлын үр олгож байна. Тухайлбал, хошуу будааны үр 12000 кг, улаанбуудайны үр 5000 кг, судан өвсний үр 870 кг-ыг тус тус олгож, агро технологийн зөвлөмжийг хүргэв. Мөн цөлжилтөөс сэргийлэх, таримлаа хамгаалах зорилгоор сум бүрд 1000 модны үр, нүх ухагчийн хамт олгож байна.

Төслийн эхний шат Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг 17 аймгийн 25 сумын 25 багт хэрэгжих бөгөөд баг тус бүр 100 га-д ногоон тэжээл тариална.

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан ган, зуд, салхи шуурганы улмаас манай улсад бэлчээрийн доройтол сүүлийн жилүүдэд эрчимжиж байна. Тиймээс Монгол Улсын 1626 багаас 1071-д нь ногоон тэжээл тариалах шаардлагатай тул дараа, дараагийн шатанд бусад сумыг үе шаттай хамруулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан 112,265 га талбай байдаг, энэ талбайг ашиглан төсөл хэрэгжих аймаг, сумын малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсан тэжээлээ зах зээлд борлуулах боломжтой.

Монгол оронд сүүлийн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлж, ган, зудаас болж малгүй болсон 730 орчим мянган хүн хот суурин руу шилжсэн байна.

Төсөл хэрэгжих байршил

АймагСумТалбайн хэмжээ, га
1ДорнодБулган100
2Цагаан-Овоо100
3Чойбалсан100
4ХэнтийБаян-Овоо100
5Баянхутаг100
6Өмнөдэлгэр100
7СүхбаатарУулбаян100
8Мөнххаан100
9Эрдэнэцагаан100
10ДорноговьДаланжаргалан100
11Говь-СүмбэрСүмбэр100
12ДундговьЭрдэнэдалай50
13Сайхан-Овоо50
14ӨмнөговьХанхонгор100
15ӨвөрхангайУянга45
16Есөнзүйл55
17БаянхонгорЖаргалант100
18Говь-АлтайДэлгэр100
19ХовдЭрдэнэбүрэн100
20Баян-ӨлгийТолбо100
21ЗавханТүдэвтэй100
22ХөвсгөлИх-Уул100
23БулганГурванбулаг100
24АрхангайЦэнхэр100
25ТөвБаян-Өнжүүл100
Нийт2,300